Хятадын Нанжин хотын эм зүйн их сургууль үүдэндээ болон хоёр ангид царай таних технологи суурилуулж ирц, оюутны биеэ авч яваа байдлыг хянадаг боллоо. Энэ нь царай таних систем ашиглаж буй Хятадын анхны их сургууль юм. 

Сургуулийн захиргааны мэдээлснээр ангид суурилуулсан системийн тусламжтайгаар оюутны хичээлийн идэвх, утсаар оролдож, унтаж байгаа зэргийг хянана. Хятадын ихэнх оюутнууд хичээлээс гадуур сургалтад хамрагддаг учир хичээл таслах, эрт тарах хандлагатай байдаг гэнэ. 

Нийгмийн сүлжээний хэрэглэгчид уг системийг багш, оюутнуудын хувийн орон зайд халдаж байна гэж шүүмжилжээ. Харин сургуулийн захиргаа цагдаа, хуулийн байгууллагаас зөвшөөрөл авсны дараа шинэ системээ суурилуулсан ба анги танхим нь нийтийн эзэмшлийн талбай учир хувийн орон зайд халдахгүй гэж үзэж байна. Мөн системийг бүх ангид суурилуулах эсэхийг багш нартай зөвлөлдөж байж шийдэх гэнэ. 

Ханзоу хотын ахлах сургууль өнгөрсөн оны тавдугаар сард ангид камер суурилуулж сурагчдын идэвх, ирцийг хянаж эхэлсэн байна. Сургуулиас гадна Шэньжэн мужид үнэмлэхгүй жолооч, Шанхайд анхааралгүй явган зорчигч, бусад хотод гэмт хэрэгтнийг илрүүлэхэд царай таних технологийг ашиглаж байгаа юм. 

Эх сурвалж: SCMP, Asia One