Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газраас иргэний гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ. Тодруулбал, өмгөөлөгч Д.Хуягбаатараас Талст Молор компаний MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшсан гэх гомдлыг ирүүлсэн байна. 

Гомдлын дагуу шалгахад Монголын дөрөв, Хятадын 32 иргэн холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон нь тогтоогджээ. 

Иймд агуулах болон штолин дотор олборлосон, баяжуулсан вольфрам байсныг битүүмжилсэн байна. Энэхүү зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.