Энэ сарын 12-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн зорчигчийн гар тээшнээс их хэмжээний бэлэн доллар, юань илэрсэн байна.

Зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентген аппаратаар шалгахад Хятадын иргэний гар тээшинд сэжигтэй зүйл байсан гэнэ.

Улмаар гар тээшийг нээж, үзлэг хийхэд их хэмжээний валют буюу 248.900 доллар, 200 мянган юань гарчээ. Уг зорчигч их хэмжээний бэлэн валюттай явж байгаагаа гаалийн мэдүүлэгт бичээгүй, Гаалийн улсын байцаагчид мэдүүлээгүй байна.

Тиймээс энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.

Гаалийн тухай хуульд зааснаар манай улсын хилээр таван сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг бэлнээр авч яваа зорчигч үүнийгээ Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг юм.