Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин Италид хийж буй гурван өдрийн айчлалынхаа үеэр ерөнхий сайд Жусеппе Контетэй уулзаж Нэг бүс-Нэг зам дэд бүтцийн төсөлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Итали уг төсөлд хамтран ажиллах Их долоогийн анхны улс болж байна.

Хятадын сайтын мэдээлснээр уг гэрээний дагуу Италийн Женоа, Тристе, Равенна, Палермо зэрэгт хотуудад 22.6 тэрбум хүртэлх долларын хөрөнгө оруулалт хийгдэх гэнэ. Мөн Италийн экспортын бүтээгдэхүүн Хятадын зах зээлд чөлөөтэй нэвтэрч эдийн засаг нь сайжрах юм.

Хоёр улсын удирдагчид уулзалтын үеэр мөн ган, эрчим хүч, барилга, банкны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үүнээс гадна хоёр орны хэвлэл мэдээлэл, шинжлэх, ухаан, технологийн компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлж Итали дахь Хятадын олон зуун соёлын өвийг нутагт нь буцаахаар тохиролцсон байна.

Хятад Америкийн импортын хоригийн эсрэг арга хэмжээ авахын тулд Европын холбооны орнуудтай хийх худалдаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний тулд Европ, Африк, Ойрхи Дорнодыг холбосон их газар, далайн тээврийн зам тавих Нэг бүс-Нэг зам төслийг эхлүүлжээ.

Европын бусад орнууд Италийн уг үйлдлийг нааштайгаар хүлээж аваагүй байна. Тухайлбал, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятадыг төслийнхөө хүрээнд Европын орнуудаас ашиг олох зорилготой байж магадгүй гэж үзсэн бөгөөд Европын холбооны гишүүдийг Хятадтай хамтын ажиллагаагаа тусдаа явуулсан нь дээр гэдгийг онцолжээ.

Мөн Нидерландын ерөнхий сайд Марк Рутте, Германы канцлер Ангела Меркел нар ч Хятадыг зөвхөн түнш бус өрсөлдөгч гэдгийг онцолсон байна.

Нэг бүс-Нэг зам төсөл нь Хятадын засгийн газрын санхүүжилтээр хамтрагч орнууддаа ихээхэн хэмжээний зээл олдог ба төслийн хөрөнгө оруулалт 2027 он гэхэд 1.3 триллионд хүрнэ гэж судлаачид үзжээ.

Гэвч энэхүү төсөл нь Хятадын өрийн бодлогын нэг хэсэг гэх хардлага байдаг юм. Тухайлбал, 2017 онд Шри Ланк 300 сая долларын зээлээ төлж чадаагүй учир стратегийн гол усан боомтоо Хятадын засгийн газрын мэдэлд шилжүүлжээ.

Эх сурвалж: RT, Al jazeera