Хуавей компани хоёр дахь жилдээ Хятад оюутнуудын хамгийн ихээр ажиллахыг хүсдэг компаниар шалгарлаа. Ялангуяа инженерчлэл, бизнесийн сургуулийн оюутнууд Алибаба, Тенсент зэрэг томоохон компанийг бус Хуавейг илүүд үзжээ.

Юниверсум судалгааны фирмийн явуулсан уг санал асуулгад Хятадын 50 мянга гаруй оюутнууд оролцсон байна. Уг судалгааг Америк Хуавейд хориг тавихаас өмнө буюу гуравдугаар сард явуулсан бөгөөд ирэх жил дахин явуулах юм.

Хуавей компани нь 1980-аад онд телефон утасны хямдхан салаалагч үйлдвэрлэдэг байсан ч өдгөө дэлхийн хоёр дахь томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч болжээ. Гэсэн ч Хуавей Хятад, Америкийн худалдааны дайны нэг хэсэг болж улмаар өнгөрсөн сард Америкийн засгийн газар тус компанид хориг тавьсан юм. Үүнээс үүдэн Гүүгл, Майкрософт, Фэйсбүүк зэрэг компаниуд Хуавейтай хамтын ажиллагаагаа дуусгавар болгожээ.

Хуавейгийн ашиг орлого сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, идээдүйн өндөр хөгжилтэй технологи бүтээхийг зорьж, олон мянган Хятад төгсөгчдийг ажилд авдаг зэргээс болж ажил горилогчид тус компани руу хошуурах болсон байна.

Харин Хуавейгийн хоригоос ашиг олох боломжтой Apple компанид ажиллах хүсэлтэй Хятад оюутны тоо худалдааны дайн эхэлснээс хойш буурчээ. Судалгаанаас үзэхэд Хятад оюутнууд ихэвчлэн дотоодын компанид ажиллахыг илүүд үздэг бол Энэтхэг оюутнууд өөр бодолтой байжээ.

Юниверсум фирмийн Энэтхэг оюутнуудын дунд явуулсан судалгаагаар Гүүгл компани тэргүүлсэн бол Амазон, Майкрософт, Apple, Фэйсбүүк удаалсан байна. Харин Энэтхэгийн компаниуд шилдэг 10-т ч багтаагүй юм.

Эх сурвалж: CNN, Yahoo