Хятад орныг танин мэдэхүй соёлын цуврал арга хэмжээний нээлт Монголын уран зургийн галерейд боллоо. Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд цуврал арга хэмжээг энэ сарын 2-6-нд зохиож байна. 

Энэ үеэр Хятадын 70 жил, Манай найрамдал, Түмэн газрын цайны зам гэрэл зураг, Хатгамлын урлагийн бүтээл, Монгол морины урлагийн бүтээлийн гэсэн таван хэсгээс бүрдсэн үзэсгэлэнд нийт 150 гаруй үзмэр дэлгэгджээ.

Мөн уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, Монгол анагаах ухааны үнэгүй оношлогоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын тэмцээн болох юм.

Манай улс Хятадтай 1949 онд дипломат харилцаа тогтоосон ба 2018 оны байдлаар худалдааны эргэлт 6.37 тэрбум долларт хүрчээ. Цаашид хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилт тавьсан юм.