Уйгурчуудын ашигладаг Хятадын засгийн газартай холбоотой вэбсайтууд хакеруудтай хамтран хэрэглэгчдийнхээ гар утсанд тагнуулын программ суулгаж байсныг судлаачид тогтоожээ. 

Эдгээр сайт нь мэдээ, боловсролын зорилгоор өргөн ашиглагддаг ба зарим нь андройд, iPhone утасны аль алийг нь вирустүүлэх чадвартай байсан гэж эх сурвалж СNN агентлагт мэдээлсэн байна. 

Вирустэй вебсайтаар зочилсон утсанд нууц код суух ба үүгээр дамжуулан тухайн хэрэглэгчийн мессеж, нууц үг, байршил зэргийг мэдэх боломжтой юм. 

Гүүгл компани хоёрдугаар сард эдгээр сайтын талаар олж мэдсэн тухайгаа мэдээлж байсан ба Apple компани iOS 12.1.4 шинэчлэлдээ аюулгүй байдлын хамгаалалтаа сайжруулсан байна. 

Дээрх вирустэй сайтууд нь Гүүглийн жагсаалтад гарч ирдэг учир Уйгурчуудаас гадна өөр орны иргэд нэвтэрч байсан гэнэ. Улмаар Гүүгл компани хакерын халдлага хийж байгаа сайтуудыг нийтэд зарлаагүй гэсэн шүүмжлэлд өртсөн байна. 

Хятадын засгийн газар Уйгарчуудын оршин суудаг Шинжиан мужийг нууц камер, царай таних системээр бүрэн тоноглож боловсрол олгох зорилготой гэх хориг лагер байгуулсан байна. Мөн боловсролын төв гэгдэх хорих лагерт сая гаруй Уйгур үндэстнийг хорьж байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжилжээ. 

Эх сурвалж: Tech crunch, CNN