Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооныхоо 123 гишүүнийг хассан тухай мэдээлэл саяхан цацагдсан. Эдгээр хасагдсан гишүүдийн дунд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг нарын нэр дурдагдсан нь иргэдийн анхаарлыг татаж, олон маргааныг дагуулаад байгаа юм. Тэгвэл энэ талаар Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа.

Ардчилсан нам дотоод сонгуультайгаа холбоотой 123 гишүүнээ ротацид оруулсан. Энэ тухай тодруулаач?

Ер нь бол эхлээд намын шинэчлэлийн тухай ярихад л болно. Ардчилсан нам 2017 онд үндсэн дүрмээ өөрчилж жил бүр нийт сонгуульт гишүүдийнхээ гуравны нэгийг эргэлтэд оруулах буюу ротацийн сонгууль явуулж байхаар тусгасан. Өнөөдөр хүмүүс Үндэсний бодлогын хороог л сонирхоод байна. Гэтэл аймаг, нийслэл, дүүрэг, хороод гээд бүх шатанд л хийгдэж байгаа ажил шүү дээ.

Үндэсний бодлогын хорооноос гаргасан гишүүдийн хувьд олны танил улстөрч эрхмүүд байсан учраас сонирхохгүй байхын аргагүй л дээ.

Тийм ээ тийм. Гэхдээ Үндэсний бодлогын хороо 410 гишүүнтэй. Түүний л гуравны нэг нь эргэлтэд орж байна. Улс төрийн зөвлөлөөр батлагдсан журмын дагуу үнэлгээ өгөөд гарсан нэрс. Би нэг зүйлийг тодруулж хэлье. Энэ чинь хүмүүсийн намд явсан хорь гучин жилийн хөдөлмөрийг дүгнэж байгаа юм биш. Гэхдээ лидер хүмүүст тусаж байгаа тусгал, нэр хүндэд нь эвгүй байгаа байх. Бид нар нэрсийг нь олон нийтэд зарласнаар нэр хүндэд нь халдсан байж магадгүй ээ.

Тэгвэл нэр дурдагдсан Э.Бат-Үүл, Р.Амаржаргал зэрэг хүмүүсийн нэг жилийн ажил нь хангалтгүй байсан гэсэн үг үү?

Яг нэр цохоод хэлбэл Э.Бат-Үүл гуай Нийслэлийн намын хороонд байдаг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч хүн. Нийслэлдээ илүү сайн ажилладаг. Үндэсний бодлогын хорооны хувьд Бат-Үүл гуай татвараа төлөөгүй. Жилд гурван сая төгрөгийн татвар төлөх ёстой байдаг. Р.Амаржаргал гуайн хувьд энэ жил намынхаа ажилд идэвх султай оролцсон.

Тэгвэл яг ямар аргаар оноо өгч ротацид оруулсан юм бэ?

Гурван өөр субъектээс өгдөг үнэлгээ. Сонгогдсон дүүргийнх нь намын хороо 40 оноо, харьяалагддаг бодлогын зөвлөл  нь 20 оноо, төв нам 40 оноог өгнө. Ингээд тухайн хүн хэдэн оноо цуглуулсан байгаагаас шалтгаалж ротацид орох үгүй нь шийдэгдэнэ. Тухайн тойрогт гурван хүн өрсөлдөнө. Энэ гурван хүнээс хамгийн бага оноо авсан нь л ротацид ордог.

Энэ бол зорилготой цэвэрлэгээ. С.Эрдэнэ, Баабар зэрэг хүмүүсийн хоорондын зөрчлөөс болсон гэх хардлага нийгэмд байна. Энэ талаар тайлбар өгөөч?

Мэдээж ротацийг тэгж харагдуулахыг хүсэж байгаа улс төрийн хүчин бий. Ардчилсан намын хийж байгаа зүйлийг мушгих гэсэн улс төрийн намын явуулга явж байна. Баабар гуай, С.Эрдэнэ гуай хоёрын хооронд мууддаг сайнддаг зүйлийг би бол мэдэхгүй. Баабар гуайн хувьд хоорондын зөрчлөө улс төрийн намын зөрчил болгож харагдуулах гэсэн хувийн сонирхол байна уу даа л гэж харж байна.

Гишүүдийг ротацид оруулсан талаар Баабар гуай нилээн шүүмжилсэн аястай твиттэр хуудаснаа жиргэсэн байсан. Та харсан уу? Энэ тухай та юу гэж бодож байна.

Харсан. 112 хэрэгтэн ч гэл үү, ялтан ч гэл үү аягүй муухай үгээр хэлсэн байна лээ. Тэр 112 хүнийг хэрэгтэн гэдгийг нь нотлох хэрэгтэй л дээ. Тэр хүмүүс одоо өргөдлөө өгөөд хэрэгтэн биш гэдгээ батлах байх. Яасан гэж тэр хүмүүсийг гүтгэснийг нь ойлгохгүй байна. Бас өөрийгөө хассан гэж худлаа хэлсэн байна лээ. Баабар гуай Үндэсний бодлогын хороонд байгаагүй ш дээ. Үндэсний бодлогын хороонд 2017 онд ч нэр дэвшээгүй, энэ үнэлгээнд ч оролцоогүй. Байхгүй хүнийг бид яаж дүгнэх юм бэ? Энэ бол зохиол.

Баабар гуай хэлэхдээ, Ротацид оруулсан хүмүүсийн оронд нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн нөхөж орно гэж хэлсэн байсан. Энэ үнэн үү?

Нийгмийн даатгалд ажиллаж байсан хүнийг би ёстой мэдэхгүй юм байна. Анкетууд дээр ч тэгж харагдаагүй, бараг л байхгүй. Ганц хоёр хүн л байж магадгүй дээ.

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд хэлэхдээ, Энэ асуудалд С.Эрдэнэ гэх хүн ямар ч хамаагүй гэсэн. Тэгвэл намын дотоод сонгууль болж байхад намын даргад хамаагүй байна гэж байх уу?

Дүрэм нь тийм. Намын дүрэмд Ардчилсан намын дарга хэрэг эрхлэх газраа л удирдана гэж заасан байдаг. Дотоод сонгууль гэдэг бол сонгуулийн ерөнхий хороотой адилхан журмаар явагддаг. Үүнийг С.Эрдэнэ дарга томилдоггүй. Намын их хурлаар нэр дэвшиж сонгогдсон 15 хувь хараат бусаар сонгуулиа зохион байгуулдаг байхгүй юу.

Та ротацид орсон гишүүдийг шударгаар дүгнэсэн гэж бодож байна уу?

Дийлэнхдээ шударга. Зарим газар доголдол гарсан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хүн л дүгнэж байгаа учраас алдаа гарсан байж магадгүй.

Тэгвэл ротацид орсон хүмүүс дахин өрсөлдөх боломжтой юу?

Боломжтой. Дахин өргөдлөө өгөөд нэр дэвшиж болно. Жишээ нь, Ч.Сайханбилэг, Б.Болор, зэрэг хүмүүс өргөдлөө өгсөн. Гэхдээ сонгуульт гишүүнээс хасагдана гэдэг намаас хасагдаж байгаа юм биш. Нам 160 мянган гишүүнтэй. Түүнээс 410 орчим хүн удирдах дээд байгууллага, Үндэсний бодлогын хороонд орж ажилладаг байхгүй юу. Тэдний гуравны нэгийг л эргэлдүүлж байгаа юм.

Үндэсний бодлогын хороо гэдэг нь яг ямар үүрэгтэй юм бэ?

УИХ-ын тойрог бүрт дөрвөөс таван хүнийг ирээдүйн УИХ-д бэлтгэж байгаа л хэлбэр шүү дээ. Жишээлбэл Архангайн нэгдүгээр тойрогт Үндэсний бодлогын хорооны таван хүнийг бэлтгэж байна гэсэн үг. Энэ таван хүний нэг нь УИХ-д нэр дэвшинэ. Хэн нэг нь муу ажиллавал дараагийн хүн өрсөлддөг. Шүүлтүүр гэж л ойлгох хэрэгтэй.

Цаг гаргасан баярлалаа.

Баярлалаа.