“Миний өвөө “цагаан” Ориг гэж өндөр хөх өвгөн байв. Халх голын дайнд оролцож явсан, энгэр дүүрэн одон тэмдэгтэй. Харин эмээг нутгийнхан “тарган” Бор гэж авгайлдаг сан.

Өвөө, эмээ хоёр хүү, охин хоёр өргөж авсан юм билээ. Хүүг нь Гүжир, охиныг нь Шоовдор гэх. Би Шоовдорынх нь охин” хэмээн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын хошой эзэн яруу найрагч Баярхүүгийн ИЧИНХОРЛОО өгүүлсэн.

1990-ээд оны эхээр Монголын яруу найргийн их өргөөнд “Өвөрхангайн улаан хацарт” хэмээн шуугиулан орж ирсэн тэрбээр хүүхэд насаа ийн дурсах авай.

 Дөрөвт ортлоо Бээжинхорлоо нэртэй явсан

-Би мэндлээд удаагүй байхдаа нэг их айхтар өвдсөн юм гэнэ лээ. Нэр, ус ч үгүй байж. Манай нутгийн нэг том лам  арга засал хийж “Энэ хүүхдийг ямар ч гэсэн аргалаад тогтооно. Харин их адармаатай, хэцүү хүн болно шүү. Тэр цагт намайг битгий харааж, зүхээрэй” хэмээн аав, ээжид хэлсэн гэдэг.

Намайг багад Бээжинхорлоо гэдэг байв. Энэ нэрийг өвөө хайрласан юм билээ. Их л олон талаас нь бодож байж өгсөн гэдэг. Бээжин гэдэг нь нэгд, их авхай, эрхэм авхай гэсэн утгатай төвд үг. Хоёрт, Монголын эртний Юан гүрний нийслэлийг Бээжин гэдэг байж. Гуравт, намайг мэндлэх үед Ч.Бээжин аварга сайн барилдаж байсан зэргийг бодож ийн нэрлэсэн хэрэг.

Харин хорол гэдэг нь хүрд гэсэн үг бөгөөд нийлэхээрээ их авхайн хүрдэн гэсэн утгатай. Олон сайхан гүнж нартай болохыг бэлгэдэж өгсөн гэдэг юм. Тэгээд ч би араасаа гурван охин дүү дагуулсан.

Сургуульд ортлоо би эмээ, өвөө дээрээ хөдөө байв. Том зээ нь болохоор дархан эрхтэй. Өвөөгийнх  олон малтай. Нутгийнхан “баян” Оргийнх л гэх. Өвөө хар, хөх нүдэн, холбогтой, тохомтой бор хонинд их дуртай. Хүнээс ч худалдаж авна. Би тэр хонинуудыг нь унана. Хонины хот, үхрийн зэлнээс холдохгүй. Айл саахалтынхан намайг Бээжий гэнэ. Харин аав, ээж болохоор Тээдэг гэж дуудах. Тоодгор дээлтэй тээдэг, тээдэг гэж алхалдаг хүүхэд байснаас ийн нэрлэсэн хэрэг.

Өвөө, эмээ “миний улаан хүүхэн” гэж өхөөрдөнө. Заримдаа би “хүүхэн юм уу“ гэж уурлаад өвөөгөө зодно. Инээдтэй. Өвөө төмрийн дарх хийнэ. Намайг эрхлүүлж шагналын тэмдгээ эвдэж хайлган ээмэг, бөгж, бугуйвч хийж өгдөг сөн.

Би үзэмтэй цагаан тосонд нүгэлтэй дуртай хүүхэд байв. Эмээ хайлмаг хийгээд жижигхэн, жижигхэн дөрвөлжилж зүсээд хөлдөөчихнө. Түүнээсээ өдөрт нэгийг л өгөх. Хүүхэд л болсон хойно нөгөөхөөс нь шомбодно. Амбаарынх нь түлхүүрийг “олзолж” ороод авдранд байгаа тосноос нь авч оронд нь талх зүсээд хийчихнэ. Тоог нь алдуулахгүй гэсэндээ л тэр. Эмээ төвд, өвөө монгол бичигт гаргууд. Намайг зургаан настай байхад төвд, монгол цагаан толгой зааж өгсөн. Дараа нь кириллийг.

Би долоон настайдаа уншиж бичдэг болж, найман нас хүрээд Арвайхээрийн арван жилийн хоёрдугаар сургуулийн сурагч болж байв.

Дөрөвдүгээр ангид ортлоо Бээжинхорлоо нэртэйгээ явсан. Гуравт байхдаа монгол хэл, математикийн олимпиадад оролцон аймгаасаа шалгарч “Найрамдал” зусланд амрах болдог юм. Тэгтэл аймгийн захиргаан дээр ээжийг дуудаж, охиныхоо нэрийг соль гэсэн даалгавар өгчээ.

Ээж бодож, бодож Ичинхорлоо гэсэн нэр олж.  “Миний охин хүнд нэрээ хэлэхдээ аавынхаа нэрний эхний үсгийг хамт хэлж байгаарай” гэж захиж билээ. Нээрээ, Б.Ичинхорлоо гэхээр Бээжинхорлоо гэдэгтэй ойролцоо сонсогдож байгаа биз. Миний нэрийг сольсныг эмээ, өвөө хоёр мэдээгүй. Хоёулаа өнгөрчихсөн байсан.

“Гозон тэмээ”-гээ “Оргил”-оор солив

-Ангидаа би хамгийн өндөр нь болохоор хүүхдүүд “гозон тэмээ” гэж хочлох.

Гозон тэмээ гоохолзоно

Говийн хүүхэн шоохолзоно гэж шоолохоор нь уур хүрээд цүнхээ бариад л дайрчихдаг сан. Бас урт гэзэгтэй болохоор банди нар зулгаагаад амар заяа үзүүлэхгүй. Түмэн бодисын хичээл дээр нэг удаа Алтанцэцэг багш “Уул уулын дундаас хамгийн өндрийг нь оргил гэнэ.

Тухайлбал, манай ангийнхныг толгод гэвэл хамгийн өндрөөрөө Ичинхорлоо оргил нь болно” гэж ярьтал хүүхдүүд “оргил” гэж хашгиралдаад.

Үүнээс хойш “гозон тэмээ” хочоо “оргил”-оор сольчихсон.

“Хүрэн морь”-ийг цээжээр уншаад л...

-Аав жолооч. Дандаа тээвэрт явна. Ээж ээлжийн ажилтай учир би л гэртээ хэдэн дүүгээ хараад үлдэх. Тэгээд ч эрт хэрсүүжсэн. Ганцаараа түлээгээ хөрөөдөж, модоо хагална. Модоо хашааны дагуу тавьж, хоёр дүүгээ дээр нь суулгачихаад хашааны завсраар хөрөөгөө гарган хөрөөднө. Учир нь хашааны завсраар хөрөөгөө гаргачихаар савладаггүй юм.

Намайг дунд ангид ороход аав тээвэрт явдаг байснаа болиод аймгийн Соёлын ордонд жолооч болсон. Жүжигчидтэй хамт тоглолтоор их явна. Би зуныхаа амралтаар аавыгаа дагаад арилж өгнө дөө. Архангай, Өвөрхангай, Булган гээд хангайн нутгаар сурагч байхдаа л яваад үзчихсэн.

Тэрхийн цагаан нуур, Найман нуур, Орхон, Чулуут голыг бүгдийг нь үзсэн. Соёлын ордныхон Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийг тоглодог байв. Би байнга үзсээр байгаад “Далан худалч”-ийн дууг нь сурчихсан.

Алимаа чи хаа явна аа

Алтан дэлхийд хосгүй шүү гээд л хангинуулна. Уртын замд аав маань “Учиртай гурван толгой”-г бүгдийг нь дуулдаг байлаа. Үдэш орой болохоор би ядраад унтах гэнэ. Аав намайг хань татаж унтуулахгүйн тулд Д.Сэнгээгийн “Тагтаа”, “Өвгөн партизаны яриа”,  Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалыг цээжээр уншиж өгдөг сөн.

Би багын том хөлтэй болохоор хүүхдийн гутал багтахгүй. Ээжтэйгээ адил 45-ын гутал өмсөнө. Доогуураа яг таардаг хэрнээ түрий нь хүлхийчихээд хачин л юм явдаг байв.

Геологич болохыг мөрөөддөг сөн

-Хааяа зүггүйтмээр санагдана. Долдугаар ангид байхдаа цагаан сараар харанхуй болсон хойно авга ахындаа аавынхаа дээлийг өмсчихөөд орж явчихав. Настай хүмүүс болохоор лааны бүдэг гэрэлд танихгүй. Түүнийг нь далимдуулж байхгүй юу.

“Амархан сайн байцгаана уу” хэмээн дуугаа бүдүүрсгээд л үнсүүлдэг юм. Хөөрхий хоёр хөгшин “Хэнийхний хүүхэд вэ” гээ л. Би яахав, аавынхаа гаансаар тамхилсан шигээ гал гялалзуулан гутлынхаа түрийн дээр балбаа л.

Сурагч байхдаа геологич болохыг мөрөөддөг байлаа. Ч.Лодойдамба гуайн “Алтай”-д романыг уншаад л ийм бодол төрсөн хэрэг. Дараа нь волейболын секцэд явдаг юм. Эвсэл сайтай, ирээдүйтэй гэж багш нар магтаад. Тамирчин болох юм болов оо. Тэгснээ “Суварган цэнхэр уулс” киног үзээд спортоо хаячихсан. Сэтгүүлч болохоор шийдсэнээс тэр.

Оросоор шүлэг бичих хэцүү

-Наймдугаар ангиасаа би нэгдүгээр арван жилийн сургуулийн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж суралцсан. Энэ л үеэс тэр үед хэвлэгдэн гарсан Оросын яруу найрагчдын зохиол, бүтээлийг ёстой л солиортлоо уншиж эхэлсэн дээ.

Шүрэнцэцэг, Ганцэцэг, Ишээ гэж орос хэлэндээ гаргууд багш нар байв. Намайг шүлэг бичдэг гэхээр Ишээ багш оросоор шүлэг бичүүлэх гэж “мах иднэ”. Багшийнхаа санаанд хүртэл бичиж чаддаггүй л байсан даа...

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

“Би багадаа” төгсөшгүй цуврал номоос