Их Британий Европын холбооноос гарах өдөр буюу Брикситын хугацааг зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах саналыг тус улсын парламентын 412 гишүүний 202 нь дэмжлээ. Учир нь Европын холбооноос хэрхэн гарах талаар хуулийн судалгаа шаардлагатай гэж үзсэн байна.

Уг саналыг ирэх долоо хоногт болох Европын холбооны уулзалтаар хэлэлцэх бөгөөд холбооны 27 гишүүн орны дэмжлэгийг авч чадвал Брикситын хугацааг хойшлуулах юм.

Их Британий парламентын гишүүд Лхагва гарагт ерөнхий сайд Тереса Мэйн Европын холбооноос гарах ноорог гэрээ гурав дахь удаагаа дэмжээгүй юм. Үүний улмаас Брикситийн асуудал хойшлох болоод байгаа ба ингэснээр Их Британи ирэх тавдугаар сард Европын парламентын сонгуульд хүчээр оролцож цаашид холбоонд татвар төлөхөөс өөр аргагүй болж байна.

Их Британи энэ сарын 29-нд Европын холбооноос гарна гэдгээ 2017 онд мэдэгдсэн юм. Гэвч Их Британий парламентын гишүүд одоог хүртэл Ирланд улс болон Их Британий эзэмшил болох Умард Ирландын хооронд хилийн хатуу хяналт тогтоох эсэхэд санал зөрөлдөөнтэй байна.

Хэрэв Их Британи Европын холбооноос гэрээ байгуулахгүй гарвал 45-50 тэрбум доллар төлөх магадлалтай бөгөөд тус улсын хил, аюулгүй байдал, олон улсын худалдаанд нь томоохон өөрчлөлт гарах юм. Иймээс Засгийн газрын зүгээс 140 мянга гаруй бизнес эрхлэгчдэд бэлэн байдалтай байхыг сануулжээ.

Эх сурвалж: BBC, NHK