Монгол улс Ази Номхон далайн орнуудын дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай бүс нутгийн ЮНЕСКО-ийн 2011 оны Токиогийн конвенцод нэгдэн орлоо.

Ингэснээр манай улсын төрийн болон хувийн их, дээд сургуулийн дээд боловсролын эрдмийн зэрэг, дипломыг Ази Номхон далайн бүс нутгийн орнууд болох Япон, Австрали, Солонгос, Шинэ Зеланд зэрэг орнууд ирэх сарын нэгнээс хүлээн зөвшөөрдөг болох гэнэ.

Мөн манай улсын их дээд сургуулийн оюутан залуус гадаадад мэргэжил дээшлүүлэх, үргэлжлүүлэн суралцах, эрдмийн зэргээ ахиулах зэрэг шилжилт хөдөлгөөнд томоохон дэвшил гарч байгаа гэдгийг албаныхан хэллээ. Учир нь манай улсын дээд боловсролын диплом, эрдмийн зэргийг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй байсан юм.

Түүнчлэн уг конвенцод нэгдсэнээр тодорхой дүрэм журам дагалдан гарах бөгөөд үүнийг есдүгээр сарын нэгэн гэхэд боловсруулж, дуусгахаар ажиллаж байгаа гэдгийг сайд Ё.Баатарбилэг хэллээ.

Гэхдээ дээрх конвенцод магадлан итгэмжлэгдээгүй сургуулиуд хамрагдахгүй ба одоогоор манай улсад 97 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 14 нь магадлан итгэмжлэгдээгүй байна.

Мөн энэ үеэр Боловсролын сайд их дээд боловсролын салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлийг удахгүй эхлүүлж, эрс шинэчлэл хийж, боловсролын чанар, стандартыг дээшлүүлнэ гэж мэдэгдлээ.