Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, БСШУСЯ, төр болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын төлөөлөл оролцсон байна.

Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Д.Баатарбилэг хэлэхдээ “манай их сургуулиуд бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхгүй бол дэлхийн түвшинд ойрын жилүүдэд хүрэх магадлал бага байна” гэлээ. 

Судалгаагаар манай улсын их сургуулиуд:

  • Авьяасын төвлөрөл бий болгож чадаагүй,
  • Удирдлагын оновчтой бүтэц, манлайлал дутмаг,     
  • Гадаад хэл дээр явагддаг хөтөлбөрүүд хангалтгүй, 
  • Судалгаа, шинжилгээ, инновацийг дэмждэг дэд бүтэц бүрэн бүрэлдэн тогтоогүй, 
  • Их, дээд сургуулийн багш нарын 20-30 хувь нь эрдмийн зэрэг, цолтой байгаа нь судалгааны их сургуульд тавигдах шаардлагаас нэлээд доогуур байна. 

Гэхдээ манай улсын эрдмийн зэрэг, цолтой багш нарын 30 хувь нь гадаадын их, дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан багш нар байгаа ба төрөөс дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл, боломж бүрдэх гэнэ.