Дэлхийн жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны гурав дахь Их дуулга  тэмцээн Оросын Екатеринбург хотноо өчигдөр эхэллээ.

Уг тэмцээнд манай улсын 20 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр таван жүдоч барилдлаа. Эдгээрээс залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Өнөболд -60 кг-д алтан медаль хүртлээ.

Тэрээр эхний тойрогтоо Мароккогийн Иссам Бассоуг торгуулиар, шилдэг наймд Тайваний Ян Юүн-Вэйг цэвэр ялсан байна. Харин хэсгийн аварга болон их шөвөгт эзэн орны Сахават Гаджиевийг, Европын аварга Ислам Яшуев нарыг буулгаж авчээ.

Улмаар Л.Өнөболд аваргын төлөө Японы Юүма Ошимаг торгуулиар ялж Гранд Слам ангилалаас анхны медалиа хүртсэн байна. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй -73, -81 кг, эмэгтэй -63, -70 кг-ын жинд манай бөхчүүд зодоглох юм.

Дашрамд дурдахад, энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор, мөнгөн медальтан 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360 оноогоор ахиулах юм.