Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-нд импортын лицензгүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдсөн эм тариа оруулахыг завджээ.

Тодруулбал, 16 нэр төрлийн тариа 5175 ампул, хоёр нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, тосон түрхлэг 1кг, гурван төрлийн эм 1000 таблетка, хоёр төрлийн шингэн эм долоон литр, тарианы пенициплин 50 фалконыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон байна.

Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид эм, тариаг хурааж, хуулийн дагуу шалгаж байна.

Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариаг хууль бусаар хил нэвтрүүлэх оролдлого гарсаар байгаа юм. Иймд баталгаагүй эм тариаг хувь хүний гар дээрээс авахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.