Нийслэлд ахуйн зориулалтаар нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналтын цэгүүдэд шалгалтыг 24 цагаар явуулж байна. 

Шалгалтын явцад өнөөдрийн 05:30 минутад Гүнтийн давааны хяналтын цэгээр иргэн Н, Д нар Toyota Premio маркийн машинаар 36.5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүллээ.

Иймд тус иргэдийг саатуулж, ЧД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өгсөн байна. Дээрх шалгалтын хүрээнд өмнө нь гурван удаагийн үйлдлээр 18 уут сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн юм. 

Хар тамхитай тэмцэх газраас он гарсаар 108 холбогдогчтой 54 хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүдийн 80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны эрхэлсэн тодорхой ажилгүй залуучууд байна.