Хан-Уул дүүрэг  “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримал хөшөөтэй жишиг цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулсан билээ.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын хоёрны өдөр ашиглалтад оруулсан юм. Гэвч өнөөдрийн байдлаар амьтдын хөшөө баримлыг хагалж цуулсан, ховхолж хаясан харамсалтай дүр зургийг бий болгожээ.

Уг нь энэ жишиг цэцэрлэгт хүрээлэнд хад чулуугаар байгалийн тогтцыг харуулж, таван тивийн амьтад, ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт зэргийг цогцоор нь хийж, 49 сая төгрөгөөр бүтээн барьжээ.

Гэвч хотоо хайрлах сэтгэлгүй, соёлжоогүй иргэдийн балгаар ч юм уу, сахилгагүй хүүхдүүдийн гарт хэдийн эмхэрч хэмхрэн олон хүний хүч хөдөлмөр салхинд хийсжээ. Эндээс манай иргэдийн хотын соёл, хэм хэмжээ альхан зэрэгт байгаа нь тодоос тод харагдаж байна.

Зарим нэг нь “ийм хэврэг хөшөөг хэн чиг л хагална шүү дээ” гэх “учир мэдэхгүй хүүхдүүд хагалаа л биз” гэж биесээ өмөөрөх иргэд сошиал орчноор олонтаа. Хүүхдүүд хагалсан ч бай тэдэнд багаас бурууг биш зөвийг зааж сургаж, хотын соёлд бэлтгэх нь соёлтой хойч үеэ бэлтгэж буй хамгийн том суурь хүмүүжил болох учиртай. Наанадаж хүүхдээ багаас нь хогоо хогийн саванд хийлгээд сургачих л хамгийн том хүмүүжил. “Агуу том модыг ургуулахад өчүүхэн жижиг үр л хангалттай” гэдэг шүү дээ.

Саяхан Хөлбөмбөгийн ДАШТ-ээр баяраа тэмдэглээд хогоо цэвэрлэж байгаа Япончуудыг бид хэл амаа олохгүй магтан сайшааж, бахархсан. Гэвч тэд бол бидэн шиг л жирийн нэгэн хотын хүмүүс. Япон хүмүүс гэхээрээ заавал соёлтой, боловсон төрдөг бус харин тэдэнд соёл, боловсролыг багаас нь олгодогт л учир байгаа хэрэг. Ямартай ч Японы ЕБС-д үйлчлэгч(манайхаар бол ЦЭВЭРЛЭГЧ) байдаггүй. Тэд өөрсдөө сургуулиа, анги танхимаа цэвэрлэдэг гэж нэгэн Японд амьдардаг танилаасаа сонсож байсан юм.

“Япончууд угаасаа тусгай соёлтой хүмүүс” гэх зэргээр явцуу ойлгож, дээр доргүй магтан сайшаахаас илүүтэй тэдний энэ сайхан соёл ч зан чанараас бид яагаад жоохон ч атугай суралцаж болохгүй гэж.

Бид хэдий болтол зүлэг тариад хашаа татаж хамгаалах, тав алхаад гарцаараа гарчихаж чадахгүй замынхаа голоор хайс саад татуулж амьдрах ёстой вэ! Хэзээ хотынхоо гудамжаар хог хаяж, нус шүлсээ нийлгүй алхаж сурах вэ! Яг хэзээ...