Шинэчилсэн 17:00 /2018.07.11/ Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 360 гаруй морь зурхайнаас эргэн 25 километр зам туулсан юм.

Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Г.Буянтогтохын зээр халзан үрээ түрүү магнайд, Хөвсгөл аймгийн Их уул сумын харьяат Б.Саянсанаагын хээр морь аман хүзүүнд хурдаллаа. Харин айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат МУ-ын алдарт уяач Б.Лхагва-Очир хул халзан , айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, манлай уяач Д.Баяраагийн хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Д.Ганбаатарын зээрд үрээ тус тус орсон юм.

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга энэ жилийн наадмын түрүү магнайд хурдаллаа.

Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын тодманлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга, айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын хонгор, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Н.Атарбаярын зээрд, айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын алдарт уяач Д.Ганхуягийн хээр азарга тус азарга тус тус орлоо.

Энэ жил 180 орчим хурдан азарга 23 километрт уралдан шандас сорисон юм.