Индонезын цагдаагийн газар ойн түймэртэй холбоотой 185 хүнийг баривчилж дөрвөн компанийг шалгаж байна. Тус улсын Суматра, Борнео арлуудад зуны саруудад ой шатааж тариалангийн газар бий болгох аргаас болж 328 мянган га газарт түймэрт автжээ. 

Түймрийн утаанаас болж Индонезын зургаан мужаас гадна хөрш Сингапур, Малайз орнуудад агаарын бохирдол үүсэж, иргэдийн эрүүл мэндэд аюул заналхийлээд байгаа юм. Улмаар түймэр унтраахад 9000 гаруй гал унтраагч илгээсэн ба олон зуун иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гэж Индонезын гамшгийн менежментийн газар мэдээлсэн байна. 

Тухайлбал, агаарын бохирдлоос болж Малайзын 600 гаруй сургууль хаалгаа барьсан ба Индонезын Суматра, Борнео арлын сургуулийн үйл ажиллагаа ч зогсжээ. 

Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо Мягмар гарагт мэдээлэл хийхдээ түймрийн бүсэд 52 нисдэг тэрэг шүршиж байгаа ба нэмэлтээр 5500 гал унтраагчийг илгээсэн байна. Мөн Малайз, Индонезид үүл буудаж бороо оруулах арга хэмжээ авч байгаа юм. 

ДЭМБ-ын мэдээлснээр түймрийн утаанаас үүссэн бичил тоосонцор нь уушгинд шигдэж улмаар бусад эрхтэн, цусны эргэлтэд шилжих боломжтой байна. Ингэснээр зүрх судас, амьсгалын замын өвчин, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг юм.  

Индонезын Суматра, Борнео аралд 20 гаруй жилийн турш томоохон хэмжээний мод суулгадаг ба жил бүр тариалангийн талбай бэлтгэх зорилгоор шатаадаг юм. Хуурай моднууд хурдан шатдаг ба түймэр олон хоногийн турш үргэлжилдэг учир унтраахад хүндрэлтэй байдаг аж. 

Индонезын удирдлагууд энэхүү ой шатаах хууль бус аргачлалын эсрэг удаан тэмцэж байгаа ба гэмт этгээдүүдийг 700 мянган доллар, компаний менежерүүдийг 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг байна. 

Эх сурвалж: CNN, Al jazeera