Дэлхийн хамгийн том гүрвэл болох Комодо лууны өлгий нутаг болсон Индонезийн Комодо арал 2020 оны нэгдүгээр сараас жилийн хугацаанд жуулчин хүлээж авахгүй гэнэ.

Индонезийн Засгийн газрын уг шийдвэр өнгөрсөн сард 41 Комодо лууг хулгайлж нэг бүрийг нь 35 мянган доллараар зарсан хэргээс үүдэлтэй юм. Комодо луу нь гурван метр хүртэл урт, 70 кг жинтэй болдог бөгөөд хазалт нь үхэлд хүргэх аюултай байна.

Арал дээр өдгөө 1700 гаруй Комодо луу байгаа ба арлыг хаах хугацаанд тэдний тоо толгойг өсгөх хөтөлбөр хэрэгжих юм. Комодо арал өнгөрсөн онд сар бүр 10.250 жуулчин хүлээж авсны 95 хувь нь гадаадын иргэд байжээ.

Өнгөрсөн зун унтраалгүй хаясан тамхины улмаас арлын 10 га газар түймэрт өртсөн бөгөөд үүнээс болж сард ирэх жуулчдын тоог 5000 болгон хязгаарлах төлөвлөгөө гаргасан байна. Үүний дагуу тус арлыг үзэх хүсэлтэй хүмүүс онлайнаар бүртгүүлдэг болох юм. ЮНЕСКО-ын судалгаагаар дэлхий дээр 6000 гаруй Комодо луу байдаг гэнэ.

Эх сурвалж: CNN, Independent