Өнгөрсөн сарын 17-нд болсон Индонезийн засгийн газар, ерөнхийлөгчийн нэгдсэн сонгуулийн дүн гарч ерөнхийлөгч Жоко Видодо 55.5 хувийн саналаар дахин сонгогдлоо. Харин түүний гол өрсөлдөгч, армийн генерал асан Прабово Субианто 44.5 хувийн санал авсан байна.

Прабово сонгуулийн дүнд будлиан орсон гэж үзэж байгаа ба дэмжигчдээ жагсаал хийхийг уриалжээ. Тиймээс Индонезийн засгийн газар болзошгүй жагсаалаас сэргийлж сонгуулийн дүнг товлосон цагаас өмнө зарласан бөгөөд сонгуулийн хорооны байрыг 30 мянган гаруй цэрэг, цагдаагаар хамгаалуулсан байна.

Цагдаа нар Баасан гарагт сонгуулийн дүнг зарласны дараа улс төрчдийг дэлбэлж алахаар төлөвлөсөн Исламын улс бүлэглэлтэй холбоотой террористуудыг баривчилжээ. Мөн Америкийн элчин сайдын газар иргэдээ Индонез руу аялахдаа аливаа улс төрийн хөдөлгөөн, цуглаанаас холуур явахыг анхааруулсан байна.

Хоёр нэр дэвшигчийн сонгуульт ажил эдийн засаг, дэд бүтэц, авлига, шашны асуудалд анхаарсан байсан юм. Индонез улс нь албан ёсны шашингүй бөгөөд иргэдийн 80 хувь нь Исламын шашинтай байна. Иймээс нэр дэвшигчид ч Исламын шашныг албан ёсны шашин болгож магадгүй гэж ажиглагчид үзжээ.

Прабово 2014 оны сонгуульд Жокод ялагдсаныхаа дараа сонгууль будлиантай болсон гэж шүүхэд өргөдөл гаргасан ч шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Жоко ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа дэд бүтцийн төслийг хөгжүүлж, гадаадаас хөрөнгө оруулалт авч эдийн засгийн өсөлтөө таван хувиар нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: BBCNHK