Индонезийн Ломбок аралд өнгөрсөн Ням гарагт болсон 6,9 магнитудын газар хөдлөлтийн улмаас 200 хүн шархдаж 91 хүн амь үрэгджээ.

Тус улсын Гамшиг зохицуулалтыг удирдах газрын дарга Сутопо Пуруо Нугрохогийн мэдээлснээс хохирогчдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

Шархадсан иргэдийг нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд газар хөдлөлтөд олон мянган барилга сүйдсэн талаар Индонезын улаан загалмай нийгэмлэгийн гамшиг зохицуулалтын газрын дарга Арифин Мухаммад Хади мэдэгдсэн юм.

Цунамигийн анхааруулах систем газар хөдлөлтийн дараа цунамигийн дохио өгсөн ч энэ нь хуурамч байсан аж.

Харин Улаан загалмай нийгэмлэгийн ажилчид болзошгүй цунамигийн аюулаас сэрэмжлэн иргэдийг өндөр газарт гаргахаар ажиллаж байсан ба энэ үеэр дөрвөн сайн дурын ажилтан гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Газар хөдлөлт Ломбок арлын хойд хэсгийн Лолоан муж хүртэл үргэлжилсэн ба Бали аралын баруун хэсгээр чичирхийлэл мэдрэгджээ.

Уг газар хөдлөлт анх 7 магнитуд, чичирхийлэл нь 5,4-4,3 магнитуд байсан гэдгийг Америкийн геологийн судалгааны агентлаг хэлж байна.

Тус улсын Аялал жуулчлалын яамны мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас ямарч жуулчин гэмтэж бэртээгүй гэжээ.

Энэ талаар Бали аралд амарч байсан Австралийн жуулчин Мишелль Линдсей, “Би бусад жуулчдыг дагаад зочид буудлаасаа гүйж гарсан. Албаныхан гудамж дүүрэн хүмүүсийг тайвшруулахыг оролдож байсан” гэв.

Гамшгийн улмаас Ломбок аралын зарим хэсэг цахилгаангүй болж Танжун хотод утасны сүлжээ тасарсан байна.

Тус аралд өнгөрсөн сарын 29-нд 6,4 магнитудын газар хөдөлж арав гаруй хүний амийг авч одсон юм.

Индонезийн Ломбок, Бали арлууд нь Номхон далайн галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох 40 мянган километрийг хамарсан Галт цагиргийн нэг хэсэг юм. уг бүс нь Япон, Индонезоос Америкийн Калифорни муж хүртэл үргэлжилдэг байна.  

Эх сурвалж: BBC, CNN