Улсын хэмжээнд зургадугаар сарын байдлаар инфляци 8.1 хувь, Улаанбаатарт 9.6 хувьтай байсан нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш тогтмол өссөн үзүүлэлттэй байна. 

Тэгвэл инфляци өмнөх сараас нэмэгдэхэд хувцас болон амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн гэж Монголбанк үзлээ.

Улсын инфляци 2017 оны тавдугаар сараас хойш нийслэлийн инфляциас бага байгаа ба үүний шалтгаан нь хүнс, хувцас, орон сууц, ус, цахилгаан, хатуу түлшний үнийн өсөлт  орон нутагт нийслэлээс бага байгаатай холбоотой юм. 

Харин Улаанбаатар хотын жилийн инфляци өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдэхэд мах, импортын барааны өсөлт голлох нөлөө үзүүлжээ. Түүнчлэн тайлант сард дотоодын аялал жуулчлалын үйлчилгээний үнэ огцом өссөн бол, хатуу түлш, шатахууны үнэ өндөр хэвээр байгаа юм.

Тухайлбал, хаврын саруудад нийлүүлэлтийн хомстлоос шалтгаалж махны үнэ өссөн юм. Махны нийлүүлэлт зургадугаар сараас нэмэгдэж, үнэ нь буурдаг хандлагатай ч тайлант сар буюу өнөөг хүртэл үнэ нь буурахгүй байснаар инфляцид үзүүлэх нөлөө нь 0.6 хувиар нэмэгдсэн байна. 

Төг/кг 5 сар 6 сар 7 сар 5 сар 6 сар 7 сар 27 
2018 2019
Хонины мах, ястай 7488 (+2.7%) 7514 (+0.3%) 7533 (+0.3%) 9777 (+12.3%) 10432 (+6.7%) 10104 (-3.1%)
Үхрийн мах, ястай 8463 (+1.2%) 8733 (+3.2%) 9082 (+4.0%) 10904 (+13.1%) 11702 (+7.3%) 12380 (+5.8%)
Үхрийн мах, цул 10118 (1.7%) 10535 (3.4%) 10814 (2.6%) 13172 (+11.6%) 14230 (+8.0%) 14777 (+3.8%)
Адууны мах 6075 (+0.0%) 6275 (+3.3%) 6831 (+8.9%) 8108 (+20.6%) 9071 (+11.9%) 9274 (+2.2%)
Ямааны мах 5039 (-4.2%) 5188 (+3.0%) 5504 (+6.1%) 7747 (+21.1%) 8724 (+12.6%) 8472 (-2.9%)

Үндэсний статикийн газрын мэдээллээр энэ сарын байдлаар адуу, үхрийн махны дундаж үнэ өмнөх сараас 2.2-5.8 хувь хүртэл өсөж, үхрийн цул мах 14777 төгрөгөөр, хонины мах 10 мянган төгрөгөөр, адууны мах 9274 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Мөн импортын бараа, тэр дундаа хувцасны бүлгийн үнэ өсөж инфляцийн 2.1 хувь, хатуу түлшний үнэ 0.9 хувь өссөн бол дотоодын аялал жуулчлалын үнэ өмнөх сараас 56.8 хувиар огцом өсөж инфляцид үзүүлэх нөлөө нь 0.4 нэгжээр нэмэгджээ.