Онлайн гадуурхалт, өрсөлдөөнтэй тэмцэхийн тулд Инстаграмын зурагны лайкын тоог нуух туршилт хийж байгаа гэж Инстаграмын дарга Адам Моссери мэдэгдлээ. 

Ингэснээр хэрэглэгчид Инстаргамаар дамжуулан алдартай болох биш сонирхсон зургаа үзэж мэдээлэл солилцох ба лайкны тоог зөвхөн тухай хэрэглэгч харах юм. Гэвч лайкны тоог нуух нь хэрэглэгчдийн Инстаграм ашиглах сонирхлыг бууруулж байгаа нь туршилтаар ажиглагджээ. 

Ихэнх нийгмийн сүлжээний хэрэглэгчид олон лайк, сэтгэгдэл цуглуулахын тулд хүмүүсийн анхаарлыг татахуйц нийтлэл хийхийг илүүд үздэг байна. Ялангуяа Инстаграмын алдартнууд брэндүүдтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнийг нь сурталчилдаг ба төлбөр нь дагагч, лайкны тооноос хамаарч өөрчлөгддөг юм. 

Нийгмийн сүлжээний алдартнууд ийм байдлаар олон сая долларын орлого олдог. Тухайлбал Youtube-ын 19 сая дагагчтай Ryan ToysReview суваг жилд 22 сая долларын ашиг олдог гэж Форбес сэтгүүл мэдээлжээ. 

Үүнээс гадна лайкны тоо тухайн хэрэглэгчийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг ба хүмүүс олон лайк цуглуулахын тулд хадан хясаа, хүрхрээ зэрэг эрсдэлтэй орчинд зураг авч байгаад амиа алдах тохиолдол ч гардаг юм. 

Эх сурвалж: Channel news asia, CBS