Олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерполын ерөнхийлөгч, Хятадын нийтийн аюулгүй байдлын дэд сайд Мэн Хонгвэй өнгөрсөн сарын 25-нд Францын Лион хотоос Хятад руу ирж байгаад ор сураггүй болсон юм. 

Гэтэл түүнийг Хятадын үндэсний хяналтын хороо баривчлан авлигын хэргээр шалгаж байсан талаар Интерпол мэдээллээ. Мөн Мэн Хонгвэйг албан тушаалаас нь чөлөөлж байгаа гэнэ.

Мэн Хонгвэйн эхнэр Грейс Мэн өнгөрсөн Пүрэв гарагт нөхрийнхөө алга болсон талаар Францын цагдаагийн газарт мэдэгдсэн байна.

Харин тэрээр энэ талаар Лион хотын зочид буудлаас сэтгүүлчдэд мэдэгдэхдээ нөхөр нь хамгийн сүүлд буюу 10 өдрийн өмнө “Миний дуудлагыг хүлээ” гэсэн мессежийг хутганы эможины хамт илгээсэн гэжээ. Мөн өөрт нь нийгмийн сүлжээ болон утсаар сүрдүүлэг ирсэн гэнэ.

Мэн Хонгвэйн эхнэртээ илгээсэн сүүлчийн мессеж

Мэн Хонгвэйг Интерполын дэд ерөнхийлөгч Ким Жон Ян орлох бөгөөд шинэ ерөнхийлөгчийг ирэх хоёр жилийн дотор сонгох юм.

Мэн Хонгвэй нь 2016 оны 11-р сард Интерполын анхны Хятад ерөнхийлөгчөөр сонгогджээ. Интерпол уг хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Эх сурвалж: BBC, CNN