Гар утасны дата сэргээдэг ДрайвСэверс компани ухаалаг утасны нууц кодыг тайлах үйлчилгээ зохион бүтээсэн гэнэ. Уг үйлчилгээ нь хуулийн байгууллага, кибер аюулгүй байдалд бус iOS, Андройд үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчдэд зориулсан байна.

Энэ талаар компани мэдэгдэхдээ, “Энэ төрлийн үйлчилгээг анх удаа хэрэглэгчдэд зориулан бүтээлээ. Үүгээр дамжуулан нууц кодоо мартсан, олон удаагийн буруу код хийснээс болж утсаа түгжсэн, нас барсан гэр бүлийн гишүүнийхээ утасны кодыг гаргах хүсэлтэй хүмүүст туслах юм. Гэхдээ та уг үйлчилгээг авахын тулд тухайн утасны эзэн гэдгээ батлах шаардлагатай” гэсэн байна. Тухайлбал, тухайн утасны эзэн нас барсан бол үүнийг гэрчлэх бичиг баримтыг шаардах юм.

ДрайвСэверс компаний төлөөлөгчийн хэлснээр тус үйлчилгээний хөлс 3900 доллар бөгөөд үйлчилгээг зөвхөн компаний мэргэжилтнүүд гүйцэтгэх гэнэ.

Apple компаний iPhone утасны нууцлалын кодыг Холбооны мөрдөх товчоо ч тайлж чаддаггүй бөгөөд Apple тус товчоонд зориулсан тусгай систем зохион бүтээхээс татгалзсан юм. Учир нь iPhone-ны нууцлал нь шифрлэгдсэн байдаг бөгөөд Apple компани ч үүнийг тайлах боломжгүй гэнэ.

Гэхдээ Холбооны мөрдөх товчоо гуравдагч компаниас сая орчим долларын үнэтэй код тайлах үйлчилгээ худалдаж авсан ч энэ нь зөвхөн iOS-ын хуучин хувилбаруудад ажилладаг байна.

Эх сурвалж: The Verge, 9to5mac