Apple компани iPhone-ыг хакердаж чадсан мэргэжилтэнд нэг сая долларын шагнал амлалаа. Тухайлбал, хэрэглэгчийн оролцоогүйгээр нууц мэдээллийг нь авч чадвал 500 мянга, жирийн мэдээллийг нь авбал 250 мянга, түгжээтэй төхөөрөмжид нэвтэрвэл 100 мянган долларын шагнал өгөх юм. 

Ингэхдээ тухайн эрдэмтэн Apple компаний тусламжгүйгээр iOS үйлдлийн системд нэвтрэх ёстой байна. Энэ технологийн компани кибер халдлагаас хамгаалах үйл ажиллагаанд амласан хамгийн их мөнгөн шагнал юм. 

Apple-ын бүтээгдэхүүнийг хакердах нь хакерууд болон хууль хяналтын байгууллагад ч хүндрэлтэй байдаг гэнэ. Apple өмнө нь 2016 онд томоохон программын алдаа илрүүлсэн мэргэжилтнүүдэд 200 мянган долларын шагнал амлаж байсан ба үүнээс хойш 50 гаруй алдааг илрүүлжээ. 

Apple-аас гадна Майкрософт компани аюулгүй байдлын туршилт хийх зориулалттай Азур програмын алдааг илрүүлсэн тохиолдолд 300 мянган долларын шагнал амласан байна. Мөн Гүүгл компани шагналынхаа хэмжээг 30 мянган доллар хүртэл нэмжээ. 

Эх сурвалж: VOA, Inc