Apple компани энэ удаагийн хөгжүүлэгчдийн хурлаар iPhone X утасны шинэ загварууд болох 5.8 инчийн iPhone XS, 6.5 инчийн iPhone XS Max, 6.1 инчийн LCD дэлгэцтэй iPhone XR болон Apple Watch Series 4 ухаалаг цагийг танилцууллаа.

Эдгээрээс iPhone XS Max багтаамжаасаа хамааран 3.56 - 4.7 сая орчим төгрөгөөр худалдаалагдах ба энэ нь Apple-ын бүх цаг үеийн хамгийн үнэтэй утас болж байна. Харин XS өмнөх загвар болох iPhone X-тэй ижил 3.23- 4.37 орчим сая төгрөг байх бол XR загвар 2.42- 2.91 орчим сая төгрөгөөр худалдаанд гарах гэнэ.

Шинэ загварууд бүгд A12 Bionic гэх цэнэг бага хэрэглэдэг, өндөр хурдтай процессортой учир цэнэгээ iPhone X-ээс 30 минут удаан барих юм. Үүнээс гадна царай таних Face ID өмнөхөөсөө илүү хурдан болжээ . Харин энэ удаад чихэвчний оролт хувиргагч үнэгүй дагалдахгүй учир нэмэлтээр 29 мянган төгрөг төлж авах боломжтой.

Apple Хятадын Huawei компанитай өрсөлдөхийн тулд гурван камертай утас гаргаж магадгүй гэсэн таамаг байсан ч тэд XS, XS Max загварт 12 мегапикселийн хоёр камер, XR-т нэг камерийг шийджээ.

Харин Series 4 ухаалаг цаг өмнөхөөсөө 30 хувиар том дэлгэцтэй болсон байна. Мөн зүрхний бичлэг хийх бөгөөд өдөр бүр хэрэглэгчийн зүрхний цохилт хэвийн байгаа эсэхийг сануулах гэнэ. Уг цагны 40 мм хэмжээтэй нь 1.6 сая төгрөг, 44 мм-ынх нь 1.7 саяар худалдаалагдах юм.

Эх сурвалж: BBC, 9to5Mac