Ипотекийн найман хувийн зээлд зориулан тавдугаар сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2309 зээлдэгчдэд олгосон байна.

Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, банкнууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд олгожээ.

Дээрх гурван эх үүсвэрээс он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд олгох бөгөөд энэ сард гэхэд 48 тэрбум төгрөгийн зээл олгохоор болжээ.

Сонирхуулбал, Татварын багц хуулийн өөрчлөлт батлагдсанаар ипотекийн найман хувийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авсан бол зөрүү таван хувийн хүүг татвараас буцааж олгохоор болсон юм.

Өнгөрсөн онд ипотекийн зээлийн журам шинэчлэн батлагдсан ба найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум болгон нэмэгдүүлсэн байна.

Ингэснээр арилжааны банкнууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, үндэслэлгүйгээр зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулах явдлыг хориглож байгаа гэнэ.

Мөн орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууц, инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад ипотекийн зээлээс 60 хүртэлх сая төгрөгийг олгох юм.