Ипотекийн найман хувийн зээлийг бууруулах боломжтой, боломжгүй гэх бяцхан мэтгэлцээн нийгэмд өрнөөд байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох боломжтой гэж мэдэгдсэн ч зарим эрдэмтэд “Тооцоо судалгаагүй мэдэгдэл, өнөөгийн эдийн засаг гурван хувь болгох хэмжээнд хүрээгүй” гэх тал бүрийн тайлбарыг хийжээ.

Бид ипотекийн зээлийн найман хувийн задаргааг авахаар сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Монголын ипотекийн корпораци, Монголбанк зэрэг байгууллагад хандсан ч бидэнд мэдээлэл өгөөгүй юм. Тиймээс ипотек буюу үл хөдлөх хөрөнгө барьцаалсан урт хугацааны зээл гадны орнуудад хэдэн хувийн хүүтэй байдаг, хүүгээ хэрхэн бууруулсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Дани, Нидерланд, Швейцар зэрэг өндөр хөгжилтэй оронд ипотекийн зээл хасах хувийн хүүтэй байгаа юм. Гэхдээ тэд анхнаасаа ийм бага хүүтэй байгаагүй ба 1992 онд Данид ипотекийн зээлийн хүү хамгийн өндөр буюу 15 хувь хүрч байжээ. Ийнхүү зээлийн хүү нь өсөж буурсаар энэ онд -0.65 хувь болсон Дани улсын сайн туршлагыг хуваалцъя.

Тэд 2002 оноос орон сууцны зээлийн хөрөнгө оруулагчдад бонд гаргаж өгснөөр бондын үнэ өсвөл зээлийн хүү буурдаг системийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл зээлийн хүүг банк биш зах зээл нь тогтоодог гэсэн үг. Ингэснээр тус улсын ипотекийн зээлийн хүү буурсаар хасах хувьтай болжээ.

Мөн манай улсын гуравдагч хөрш гэгддэг Японы банкнууд 20-69 насны иргэдэд 1-35 жилийн хугацаатай орон сууцны зээл олгодог. Гэвч сүүлийн жилүүдэд хүн амын дундаж наслалт өссөнөөс болж ажиллах хүч багасаж, инфляци өсөхийн хэрээр орон сууцны зээлийн хүү 2015 онд 50 хувьд хүрсэн байна. Иймээс төв банк нь зээлийн хүүг зургаан сар тутамд өөрчилж болох системийг нэвтрүүлсэн бөгөөд банкнуудын өрсөлдөөн ч нэмэгдсэн байгаа юм. Улмаар 2018 онд зээлийн хүү -0.1 хувь болсон ба өдгөө 0.65 хувийн хүүтэй байна. Ингэснээр 2017 оны байдлаар орон сууцны зээл авсан залуусын тоо 2012 оноос 9.7 хувиар өсжээ.

Харин Аргентин, Турк, Украин зэрэг оронд ипотекийн зээлийн хүү хамгийн өндөр буюу 20-35 хувь байдаг бол манайхтай ойролцоо эдийн засгийн үзүүлэлттэй Мьянмарт 8.25 хувийн хүүтэй байна. Мьянмар улс зээлийн хүүг бууруулах талаар судалж байгаа ба инфляц болон банкнуудын зээлийн хүүг бууруулах шаардлагатай гэж албаныхан нь үзжээ.

Манай улсын хувьд ипотекийн зээлийг улсын төсөв, арилжааны банкнууд, Монгол банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжүүлдэг юм. Ипотекийн зээлд 2017 оны байдлаар нийт 25-60 насны 92,600 өрх хамрагдсан байна. Тус зээлд хамрагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар 2018 онд санхүүжилтийг 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 500 тэрбум болгосон юм.

Одоогоор ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан учир ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх тайлбарыг албаныхан өгч байна. Тэгвэл ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусах 2020 оноос орон сууцны хүүг бууруулна гэж найдъя.

Эх сурвалж: Business financial, Mondaq, Justlanded, MM Times, SFF, Academia