Ираны арми Украины онгоцыг дэлбэлснээс болж Ираны иргэд хоёр дахь өдрөө жагсаж Засгийн газарт нь тавих хяналтаа нэмэгдүүлэхийг Европын орнуудаас хүслээ. Тэднийг Америк, Израилийн удирдагчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Өнгөрсөн Лхагва гарагт Украины нисэх компаний Боинг 737-800 онгоц Иранд осолдож 176 хүн амиа алдсан юм. Америк, Их Британи, Израилийн тал онгоцыг Ираны арми санамсаргүй харваж дэлбэлсэн гэж үзсэн ч Ираны тал үүнийг үгүйсгэсэн юм. Гэвч Ираны ерөнхийлөгч Хассан Роухани Бямба гарагт уг осолд Ираны арми буруутай гэж мэдэгдээд амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. 

Зорчигч тээврийн онгоцыг дэлбэлсэн Ираны армийг хүний аминд санаатайгаар хүрсэн, онгоц сүйрүүлсэн гэж Украины прокурорын газар буруутгаж байгаа юм. 

Ираны албаныхан Баасан гарагт онгоцны хоёр хар хайрцгийг Украины шинжээчдэд өгсөн ба үүнд онгоцны нисгэгч болон Ираны нислэгийн хяналтын газрын яриа бичигдсэн байгаа гэнэ.

Ням гарагт Тегеран хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар Их Британий элчин сайд Роб Макарег баривчилж, Гадаад хэргийн яам руу аваачсан байна. Түүнийг хорлон сүйтгэсэн жагсаал цуглааныг өдөөн хатгаж удирдсан гэх үндэслэлээр саатуулсан ч удалгүй суллажээ.  

Харин Макарег жагсаалд оролцохоор биш онгоцны ослоор нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлэхээр ирсэн гэж мэдэгджээ. Их Британий гадаад хэргийн яам Макарегийн баривчилгааг олон улсын хуулийг зөрчсөн гэж үзсэн ба үүнийг Герман, Францын яамдууд дэмжсэн байна. 

Эх сурвалж: CNN, The guardian