Шинэчилсэн 14:29 (2018.08.07): Иранд оногдуулах эдийн засгийн хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болж, ерөнхийлөгч Хасан Рухани Америкийн тал уулзах хүсэлтэй байвал “яг одоо” урьдчилсан нөхцөлгүйгээр уулзъя гэлээ.

Америкийн Засгийн газар 2015 онд олон улсын цөмийн гэрээгээр цуцалсан эдийн засгийн хоригийг дахин сэргээсэн ба үүний эхний хэсэг нь манай цагаар Мягмар гарагийн 12:01 цагт хүчин төгөлдөр болно гэлээ.

Хориг хүчин төгөлдөр болсноор Ираны автомашин, ган, үнэт металлын худалдаа, долларын гүйлгээг хориглож, тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадны бизнес болон санхүүгийн байгууллага хоригийг зөрчвөл Америкийн Засгийн газар шийтгэх гэнэ.

Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн тавдугаар сард цөмийн гэрээг “маш муу гэрээ”, Ираныг баллистик пуужин үйлдвэрлэхийг зогсоож чадаагүй зэргээр шүүмжилж гэрээнээс гарсан юм.

Тэгвэл ерөнхийлөгч Трамп Иранд эдийн засгийн хоригийг дахин оногдуулах зарлигийг Даваа гарагт гаргасан байна. Ингэснээр Америк, гэрээнд үзэглэсэн холбоотон хоорондын хагарлыг улам нэмэгдүүлэх болжээ.

Image result for US to restore sanctions on Iran
Зураг: NYMag

Цөмийн гэрээг 2015 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд болох Америк, Их Британи, Орос, Хятад, Франц, Герман зэрэг улсууд Ирантай байгуулсан юм.

Гэрээний хүрээнд бусад улсууд оногдуулсан эдийн засгийн хоригоо цуцалж эсвэл суллаж, оронд нь Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлахаар тохирсон байдаг. Америк гэрээнээс гарсан ч бусад гэрээнд үзэглэгч орнууд гэрээг хэвээр үлдээхээр болсон юм.

Мөн Европын холбоо, Их Британи Даваа гарагт мэдэгдэл хийн, Америкийн хоригоос өөрсдийн компаниудаа хамгаалж, Ираны улсын төсвийн тал хувийг эзэлдэг нефть, хийн экспорт болон олон улсын санхүүгийн системд нэвтрэх эрхийг хэвээр үлдээхээр ажиллана гэжээ.

Америкийн Засгийн газрын албаныхан хориг хүчин төгөлдөр болсноор Ираны гадаад дотоод бодлогыг өөрчилж, энгийн улс шиг болгох зорилготой гэж Даваа гарагт мэдэгдсэн байна.

Эдийн засгийн хоригийг дараагийн хэсэг Ираны түүхий нефтийн экспортыг зогсоох зорилготой бөгөөд газрын тостой холбоотой гүйлгээг хязгаарлах юм. Тус хориг ирэх 11-р сарын таванд хүчин төгөлдөр болох гэнэ. Иймд тус улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын компани, Засгийн газруудыг Иран дахь бизнесээ авч үлдэх эсэхээ шийдвэрлэхийг сануулжээ.

Иран Америкийн энэ үйлдэлд хатуухан хариу барьж, Хормузын хоолой гэх томоохон нефть тээвэрлэдэг замыг хаана гэж сүрдүүлсэн байна. Эдийн засгийн хоригоос болоод хоёр улсын удирдагчид уулзах магадлал өндөр байгаа бөгөөд ерөнхийлөгч Трамп, Ираны ерөнхийлөгч Хасан Рухани нар хэлэлцээр хийхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

Image result for rial to dollar
Зураг: Business Today

Хориг хүчин төгөлдөр болохоос өмнө Ираны мөнгөн тэмдэгт үнэ цэнийхээ тал хувийг алдаж нэг долларыг 100 мянга гаруй риалаар арилжаалах болсон юм.

Эх сурвалж: NHK, theWashingtonPost