Ираны эмэгтэйчүүд ирэх сараас эхлэн хөлбөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болсон талаар FIFA мэдээллээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-ын ернхийлөгч Жианни Инфантино уг асуудлаар Ираны удирдлагуудтай уулзаж ярилцсан байна. 

Иранд 1979 оноос хойш эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийг цэнгэлдэх хүрээлэнд орохыг хориглосон байдаг. Улмаар энэ сарын эхээр хөлбөмбөгийн фанат Сахар Ходаяари гэх эмэгтэй эрэгтэй дүрд хувирч цэнгэлдэх хүрээлэнд орох гэж байгаад баривчлагджээ. Тэрээр шоронд хоригдохоос айж шүүхийн гадна өөрийгөө шатааж улмаар долоо хоногийн дараа нас барсан байна. 

Иран болон бусад орны хөлбөмбөг сонирхогчид, Европын зарим эмэгтэй тамирчид түүний араас гашуудаж байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар Ираныг хөлбөмбөгийн холбооноос хасахыг FIFA-аас шаардсан байна. 

Иран энэхүү хоригоо өнгөрсөн онд түр цуцалж цэнгэлдэх хүрээлэнд шууд дамжуулж байсан хөлбөмбөгийн тоглолтыг үзэхийг эмэгтэйчүүдэд зөвшөөрч байжээ. 

Ираны шигшээ баг ирэх сарын 10-нд Дэлхийн аваргын эрх авах эхний тоглолтоо Камбожийн багтай хийх юм. 

Эх сурвалж: Al jazeera, BBC