Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ. Шатахууны үнэ дөрөвдүгээр сард хоёр удаа нийт 130 төгрөгөөр нэмэгдэж, АИ-92 1860 төгрөгт хүрээд байгаа юм.

Тэдний мэдээлснээр Ираны газрын тосны экспортод тавьсан Америкийн хоригоос болж дэлхийн зах зээлд үнэ өссөнөөр манай улсад нийлүүлэх Оросын хилийн үнэ нэмэгдсэн гэж мэдэгдлээ. Ингэснээр энэ сарын Оросоос орж ирэх хилийн үнэ 695 доллар болсон ба үүн дээр гааль, нэмүү өртөг зэрэг таван төрлийн татвар, тээврийн зардал нэмэгддэг учир үнэ өссөн гэж тайлбарлалаа.

Харин дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурвал дагаад буурна гэсэн ба дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийг долоо хоног тутам мэдээлнэ гэлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд баррель газрын тосны үнэ 70 доллар байгаа ба энэ нь өнгөрсөн сараас дөрвөн доллароор буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн хоригоос болж баррель газрын тосны үнэ 67-74 доллар болон нэмэгдсэн байна.

Засгийн газрын зүгээс үнийг тогтвортой барихын тулд А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварын тэглэсэн ч дэлхийн зах зээлд нэмэгдэж буй үнэ, долларны ханш зэргээс шалтгаалан дотоодоос хамаарахгүйгээр үнэ өсөж байгаа гэнэ.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, Монголд хилээр орж ирж буй импортын үнэ буурсантай холбоотойгоор шатахууны үнэ 12 сараас хойш нийт 250 төгрөгөөр хямдарсан юм. Тодруулбал, 12 сарын 25-нд 45-50 төгрөгөөр, мөн сарын долоонд 50-100 төгрөгөөр буурчээ.