Ираны хүний эрхийн хуульч Насрин Сотоуде 148 удаа ташуурдуулж 38 жилийн хоригдох ял сонссон талаар тус улсын IRNA мэдээллийн агентлаг мэдээллээ. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, цаазын ялыг эсэргүүцдэг гэдгээрээ алдартай бөгөөд шүүхээс үндэсний аюулгүй байдалд халдсан, Дээд удирдагчийг доромжилсон хэргээр ял авсан байна.

Сотоуде 2009 онд болсон шударга бус сонгуулийг эсэргүүцсэн хөдөлгөөнийхнийг өмгөөлснийхөө төлөө 11 жилийн хорих ял сонссон ба 2013 онд өршөөлөөр суллагдсан юм. Гэсэн ч 2017 онд эмэгтэйчүүд заавал толгойн алчуур зүүдэг Ираны уламжлалыг эсэргүүцсэнээс болж долоон жилийн хорих ял сонсжээ. Улмаар тэрээр өнгөрсөн зургадугаар сард Техран хот дахь гэрээсээ баривчлагдаж шоронд хоригдсон байна.

Хүний эрхийн Амнести интернейшнл байгууллагын мэдээлснээр Ираны засгийн газар 2018 онд үзэл бодлоо илэрхийлсэн 7000 гаруй хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: CNN, 9news