HuffingtonPost сайтын үүсгэн хамтран байгуулагч, ерөнхий редактор, тоймч, бизнес эрхлэгч Арианна Хаффингтоны Америкийн NBC агентлагт өнөөгийн технологийн хөгжил, түүний хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөөлөл, донтолт болон ирээдүйн технологийн хандлагын талаарх нийтлэлийг хүргэе.

Технологи гайхалтай зүйлсийг хийх боломжийг бидэнд олгож, амьдралын чанарыг хэмжээлшгүй ихээр дээшлүүлсэн. Гэвч үүний зэрэгцээ хүмүүсийн амьдралын хэмнэлийг гүйцэхийн аргагүй хурдасгасаар, бид захирах ёстой технологидоо захируулдаг боллоо.

Цаашлаад, анхаарлыг татаж, төвлөрөх чадварыг бууруулах болсон. Гэтэл бид “одоо цагт” амьдарч, өөртэйгөө болон эргэн тойрныхонтойгоо илүү холбоотой байх ёстой юм.

Бид технологид донтчихсон. Америкийн банкны 2015 онд гаргасан тайлангаас үзэхэд Америкчуудын 70 хувь нь утасныхаа дэргэд унтдаг байна. Хүмүүс донтсоныхоо шанд нийгмийн идэвх, хүний харилцаа, дотно байдлаа золиосолдог. Бас нэгэн судалгаанаас харахад Америкчуудын 89 хувь нь нийтийн уулзалт цуглаан дээр утсаараа оролддог гэнэ. Та ч гэсэн нэг бодоод үзээрэй, ойр дотныхон эсвэл та өөрөө хүнтэй уулзахдаа утсаа байнга оролддог бол донтсон гэж хэлж болох юм.

Эдгээрээс гадна Facebook, Instagram зэрэг нийгмийн сүлжээ нь залуучуудыг сэтгэл гутралд оруулах аюултай гэнэ.

Хүмүүсийн нэгэнтэйгээ холбогдох гэсэн хүсэл бус холбогдож буй арга хэрэгсэл нь биднийг донтуулж байгаа юм. Бидний хэрэглэж буй технологи бол дэлхий ертөнцтэй холбох ч хэрэгсэл, хүрээлэн буй орчин, хамгийн дотно хүмүүсээс тусгаарлах ч хэрэгсэл. Технологи хүн төрөлхтөнд хүссэн зүйлийг нь өгч чадсан ч хэрэгцээг нь хангаж чадаагүй юм.

Зураг: Entrepreneur, Арианна Хаффингтон

Бид ажлаа төлөвлөж, тохиолдсон үйл явдлаа баримтжуулан бичлэг хийж, зураг авч, түүнийгээ эргүүлэн дурсаж, цээжлэн, хуваалцсаар өөрсдийгөө маш завгүй байлгадаг ч яг үнэндээ амьдралыг туулан амталж өнгөрүүлэхээ больсон. Энэ бүхэн цаашид хүн төрөлхтнийг арчих чадалтай шүү дээ.

Америкийн биохимийн профессор, зохиолч Исаак Асимов 1988 онд “Шинжлэх ухаан нь нийгэм мэргэн ухааныг олж авахаас илүү хурдан хугацаанд мэдээллийг хуримтлуулдаг нь амьдралын хамгийн гунигтай тал юм” гэж өнөө үеийн технологийн дэвшлийг харсан мэт хэлсэн байдаг.

Мэргэн ухаантай болохын тулд хүнийг “хүн” болгодог чухал бөгөөд өвөрмөц ухагдахууныг эргэцүүлэх шаардлагатай болдог. Түүнчлэн технологи дэлхий ертөнцийг хурдацтай эзлэн авч буй энэ үед “хүн” гэх тэрхүү нандин, үгүй хийх боломжгүй шинж чанарыг хэрхэн хамгаалж, хязгаарыг тогтоох талаар ч бодож үзэх шаардлагатай.   

Донтолтыг бууруулахын тулд цаг хугацааг буцаах эсвэл технологийг зогсоох хэрэггүй, харин илүү ухаалаг сайн технологийг бий болгох явдал юм. Мөн энэ нь дараагийн технологийн ололт амжилт болно гэдэг би итгэж байна.

Хүний ажиллагаа автоматжиж, хиймэл оюун ухаан бидний амьдралд нэвтэрч байгаа нь бүтээлч сэтгэлгээ, шийдвэр гаргах чадвар, мэргэн ухааныг нэмэгдүүлж ирээдүйд томоохон өөрчлөлтийг авчрах биз ээ. Хүний ажлыг хөнгөвчлөх яг эдгээр төхөөрөмжүүд биднийг донтуулж байгаа ч хүмүүс хяналтыг эргүүлэн авч технологийг захирч чадах эсэхээс ирээдүй шалтгаална.

Арианна Хаффингтон Thrive Global гэх шинээр байгуулсан компанидаа хүмүүсийг бодитоор холбож, технологийн донтолтоос үүссэн хязгаарыг багасгах зорилгоор аппликэйшн, төхөөрөмж, хиймэл оюун ухаан зэргийг бүтээж байгаа гэнэ.

Эх сурвалж: NBC