Засгийн газрын хуралдаанаар Ирээдүйн өв сан корпораци ХХК-г байгуулж, дүрмийг баталлаа. 

Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд Ирээдүйн өв сан корпораци нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийх юм. Мөн сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй ба мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани байна.

Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь, орд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг байх юм.

Одоогоор Ирээдүйн өв санд 213 тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа ба 2075 онд 231 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2011 оноос боловсруулж, 2016 онд УИХ-аар баталсан байдаг.