Энэ сарын 18-нд баруун аймаг болон төвийн аймгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгийн өмнөд хэсэг, говийн аймгийн ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Мөн энэ сарын 18-нд баруун аймаг, төвийн аймгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсэж Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Харин Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн хүйтэн байх гэнэ.

Ийнхүү цаг агаар муудах төлөвтэй байгаа тул малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож байхыг сэрэмжлүүллээ.