Хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн Хангарьд төвийн барилгын шав тавих ёслол Пүрэв гарагт боллоо.

Шинээр баригдах уг авто вокзал нь нийслэлээс орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв байх гэнэ.

Тодруулбал, тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автоматажсан онлайн худалдааны сүлжээ нэвтрүүлэх, тээврийн маршрут, цагийн хуваарийг ухаалаг програмаар зохицуулж, авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх зэргээр төлөвлөжээ.

Харин бүтээн байгуулалтын хүрээнд нийт 24 автобусны гарцтай, 4200 ам метр талбайтай байх ба иргэдэд зориулсан хүнс, барааны бөөний төв байгуулах гэнэ. Энэхүү худалдааны төв нь 24000 ам метр талбайтай, 800 павильонтой байхаар төлөвлөжээ.

Мөн худалдааны төвтэй залгаад 3000 ам метр агуулахын байр барих бөгөөд эдгээр бүтээн байгуулалтыг ирэх оны дөрөвдүгээр улиралд бүрэн ашиглалтад оруулах юм.

Одоогоор бүтээн байгуулалтын төслийн талбайг төвийн шугам, дэд бүтцэд холбох ажлыг өчигдрөөс эхэлсэн байна. Эхний ээлжид  6.3 тэрбум төгрөгөөр Баянголын амнаас орж ирэх нийт 6.1 км урттай төвийн шугамыг холбох юм байна.

Дашрамд дурдахад, энэхүү бүтээн байгуулалтын дүнд 2022 он гэхэд 20 мянган ажлыг байр шинээр бий болгож, улсад 20 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэхээс гадна, хотын нягтрал, агаар орчны бохирдол зэргийг бууруулах олон талын ач холбогдолтой гэдгийг албаныхан онцоллоо.