УИХ-ын нэгдсэн чуулган 50.7 хувийн ирцтэйгээр эхэлж 2019 оны төсөв болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Ингээд чуулганы үдээс өмнөх хурлаар 2019 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 90.5 хувь нь дэмжсэнээр ирэх оны төсвийг бүхэлд нь баталлаа.

Төсвийг хуульд зааснаар энэ сарын 15-ны дотор батлах ёстой бөгөөд энэ удаад сөрөг хүчин болох АН ажил хаяснаар эрх баригч намын гишүүд олонхоороо хэлэлцэн баталж байна.

Ирэх оны төсөвт дараах зардлуудыг танахаар шийдвэрлэжээ. Үүнд:

  • Сангийн сайдын багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129.219.9 сая төгрөгөөр,
  • Агаарын бохирдолд зарцуулах санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр,
  • Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр,
  • Гаалийн шинэчлэлд зориулсан ирэх оны санхүүжих дүнг 12 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болжээ.

Харин дараах чиглэлүүдэд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэв. Үүнд:

  • Хүүхэд хамгааллын санхүүжилтийг 5.6 тэрбум төгрөгөөр,
  • Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая төгрөгөөр,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая төгрөгөөр,
  • УИХ-ын тамгын газрын урсгал зардлыг 3.050.0 сая төгрөгөөр,
  • Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая төгрөгөөр,
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн байна.

Мөн төсөвт хүн ам орон сууцны тооллого, хэлмэгдэсдийн нөхөн олговор, ЖДҮ-ийн зээлийн сан зэрэгт нийт 57.8 тэрбум төгрөгийг нэмэлтээр тусгажээ.

Түүнчлэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9.676.480.0 сая төгрөг буюу ДНБ-ний 27.4 хувь, нийт зардал 11.589.094.1 сая төгрөг буюу ДНБ-ний 32.8 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 1.912.614.1 сая төгрөг буюу Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд, өөрөөр хэлбэл ДНБ-ний 5.4 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна.

Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, үрэлгэн зардалтай, алдагдал ихтэй, тэр бүү хэл сонгуульд зориулсан төсөв зэргээр МАН-ын зарим гишүүд болоод сөрөг хүчин, Төрийн тэргүүнээс шүүмжлэл хүртээд байсан төсөв ямартай ч олонхын саналаар батлагдлаа.