Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал ХНХЯ-нд эхэллээ. Уг хурлаар энэ онд төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс цалин нэмэгдүүлэх 277 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байхад өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгааг шүүмжилсэн юм.

Энэ талаар МҮЭХ ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, “Засгийн газрын зүгээс цалинг оны эхээр бага хувиар нэмээд, сүүлээр дахин нэмчихээд тухайн онд цалинг өндөр хувиар нэмсэн юм шиг харагдуулдаг” гэсэн юм.

Үүний хариуд ХНХЯ-ня сайд С.Чинзориг, “Амжвал энэ долоо хоногт үгүй бол дараа долоо хоногт цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Тэтгэврийг хоёрдугаар сараас нэмнэ” гэж мэдэгдлээ.

Энэ удаагийн хурлаас цалин нэмэгдүүлэх асуудлаас гадна УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гурван тал байр сууриа нэгтгэх нь зүйтэй гэж МҮЭХ үзсэн байна. Харин С.Чинзориг сайд өнөөдрийн хурлаар зөвхөн ажил хэргийн санал солилцоно гэжээ.

Сануулбал, өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газар төрийн албан хаагчийн цалинг найман хувиар, багш, эмч сувилагч нарын цалинг ажлын нөхцөл, албан тушаалын зэрэгтэй нь холбогдуулан 12-30 хувиар нэмэх шийдвэр гаргасан юм.