Энэ сарын 30-аас ирэх сарын нэгэнд шилжих шөнө баруун аймгийн нутгийн баруун хэсгээр, нэгэнд баруун аймгийн нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, хоёронд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна гэж ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

Салхи 30-нд Алтайн салбар уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор, гурванд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, нэгэнд нутгийн баруун хагаст, хоёронд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Ирэх сарын хоёрноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус хүйтэн байна.

Сануулбал, энэ сарын 24, 25-нд Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт 34 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас цахилгаан дамжуулах төмөр тулгуур багана унаж, 52 сум тоггүй болсон юм. Улмаар ОБЕГ, Эрчим хүчний яамны шуурхай ажлын хэсэг ажиллаж өнөөдөр үүрийн 04:38 цагт бүх сумыг цахилгаанаар хангажээ.