ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын төлөөлөгчид 11-р сарын 25-29-нд Сингапурт ажилласан байна. Тэрээр Сингапурын туулж өнгөрүүлсэн сайн туршлагыг судлан, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгуулах зорилготой ажиллажээ. 

Сингапур нь хүн амынхаа 84 хувийг төрийн тогтвортой бодлого буюу Орон сууц, хөгжлийн зөвлөлөөр орон сууцжуулсан байна. Иргэдийн 94 хувь нь орон сууцаа моргейжийн зээлээр өмчилж авсан ба үлдсэнийг нь түрээсийн орон сууцанд хамруулжээ. 

Иймд тус улсын орон сууцжуулах хөтөлбөрийн загвар, газар чөлөөлөлт, хотхон төлөвлөлт, барилгын ажил, менежмент зэрэгтэй танилцсан байна. Ийнхүү нийгмийн даатгалын тогтолцоо, цалин, орлогын хуримтлал, хуваарилалт, хот төлөвлөлт зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болжээ. 

Сингапурын орлогоосоо сар бүр эрүүл мэндийн сан, хуримтлалын санд төвлөрүүлсэн мөнгөнөөсөө орон сууцны зээлийн урьдчилгаанд зарцуулдаг болсон нь үр дүнд хүрсэн байна. 

Тодруулбал, иргэд нь сар бүр цалин, орлогынхоо 37 хувийг тэтгэврийн, эрүүл мэндийн, хуримтлалын санд хуримтлуулдаг гэнэ. Үүний 20 хувийг өөрөө, 17 хувийг нь ажил олгогчоос төлдөг байна. Хуримтлалын санд төлсөн мөнгөө байнга хянах боломжтой ба захиран зарцуулах эрх нь нээлттэй байдаг аж. 

Манай улс урт хугацааны хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны буюу 1-5 жилийн төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу бүх салбарыг хамруулсан судалгаа, шинжилгээг хийсний эцэст Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулсан байна.