Олон улсын стандартад нийцсэн “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол маргааш 17:55 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэхүү талбайг байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив тусламжаар бүтээжээ.

Өнгөрсөн сарын зургаанаас сайн дурын хандив цуглуулж, 53 хоногийн дотор 1000 гаруй иргэнээс бүтээн байгуулалтын төсөв болох 360 сая төгрөг цугларсан байна.

Олон улсын стандартад нийцсэн уг талбайг босгоход олон мянган хүн гар бие оролцож 60 хоногийн дотор байгуулжээ. Монголд байт харваа 1960 оноос хөгжиж эхэлсэн ч зориулалтын талбайгүй байсан ба ийнхүү 58 жилийн дараа зориулалтын талбайтай боллоо.

Байт харваан талбайг барих төслийг Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан санаачилсан бөгөөд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ.

Байт харваан 360 талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөж болох гэнэ. Энэ нь Монголд байт харваан спорт цэцэглэн хөгжих, цаашлаад энэ талбайгаас олимп дэлхийн аваргууд төрөн гарах болно гэдгийг төслийн санаачлагчид онцоллоо.

Сонирхуулахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагираг босгох бөгөөд Монголын байт харваачдаас ирээдүйн олимпын аварга төрөхийг бэлгэджээ.