Израилийн хоолны технологийн Алеп фармс компани Олон улсын сансрын станцад лабораторийн аргаар мах гаргаж авчээ. Ингэхдээ үхрийн эсийг дэлхийгээс авч 399 км-ын зайд орших станцад аваачсан ба 3D принтер ашиглан булчингийн эд гарган авсан байна. 

Тодруулбал, үхрийн биед булчингийн эс бүрэлдэх үйл явцыг дуурайлган хийсэн ба туршилтыг өнгөрсөн сарын 26-нд сансрын станцын Оросын хэсэгт явуулжээ. Энэхүү туршилтын дүнд ирээдүйд сансрын станцад амьдардаг хүмүүсийг махаар хангах боломжтой гэж эрдэмтэд үзсэн байна. 

Мөн байгаль орчны нөлөөгүйгээр жинхэнэ мах гаргаж авах судалгаанд тус болох юм. Алеп фармс компани өнгөрсөн 12 сард лабораторид 14 хоногийн турш эсээс махны нарийн ширхгийг гаргаж авсан ба амтыг нь сайжруулах шаардлагатай гэж мэдэгдэж байжээ. 

Сүүлийн үеийн судалгаагаар хүлэмжийн хийг бууруулах, дэлхийн дулаарлыг зогсоохын тулд мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг багасгах шаардлагатай гэдэг нь тогтоогдсон байна. 

Эх сурвалж: The guardian, CNET