Италийн дотоод хэргийн яамны мэдээлснээр Сисили арлын Милициа гол үерлэж 12 хүн амиа алджээ. Мөн 12-р зууны үеийн сүмүүдийн 1000 жилийн настай чулуун зам сүйдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Венец хотод хүчтэй бороо орж 190 км цагийн хурдтай хар салхины улмаас 17 хүн амиа алдсан ба  300 мянга гаруй мод унаж нийт 1.14 тэрбум долларын хохирол учирчээ.

Одоогоор Италийн зургаан мужид онц байдал зарлаад байгаа ба Иргэний аюулгүй байдлын газар гамшгийн нөхцөл байдал, цаг агаарын төлөвийг хянаж твиттерээр дамжуулан иргэдэд анхааруулга өгч байна. Харин Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурынхан иргэдийг аврах ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Венец хотод 2003 онд үерийн усны хашлага барих ажил эхэлсэн ч өндөр өртөг, авлигын асуудлаас болж 92-93 хувьтай зогссон байна. Иргэний аюулгүй байдлын газрын хэлснээр хэрэв уг төсөл бүрэн хэрэгжсэн бол хотын түүхийн дурсгалт барилгуудыг үерийн уснаас хамгаалж болох байсан гэв.

Эх сурвалж: BBC, CNN