УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.БаатарбилэгД.Лүндээжанцан нарын 12 гишүүн Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барилаа.

Итгэлийн зээл нь бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй бөгөөд санхүүгийн уян хатан нөхцөлтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилготой байна. Итгэлийн зээлийг бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг 2016 оноос эхэлсэн ба тус зээл нь эхний ээлжид 200-300 тэрбумын санхүүжилттэй байх гэнэ.

Энэ нь зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэлх зээл авсан байгаа тул Итгэлийн зээлийн дээд хязгаарыг 20 сая төгрөг байхаар тогтоожээ.  Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарах гэнэ. Тодруулбал,

  • Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болно,
  • Өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эерэгээр нөлөөлөн, эдийн засгийг хөгжлийг дэмжинэ,
  • Өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхыг дээшлүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад эерэгээр нөлөөлнө,
  • Иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга хариуцлага сайжрах юм.