Хятадын тэрбумтан, Алибаба компаний үүсгэн байгуулагч Жэк Ма өдөрт 12 цаг ажиллах 996 системийг дэмждэг гэдгээ твиттерээрээ дамжуулан илэрхийлжээ. Уг системийн ачаар Хятадын эдийн засагт хурдацтай хөгжих гэнэ.

Мөн тэрээр хэлэхдээ, “Ажилдаа дургүй хүмүүсийн хувьд илүү цагаар ажиллах нь там шиг санагддаг. Харин илүү цагаар ажилласан хүмүүс хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх ёстой” гэжээ.

Хятадын эдийн засгийн дундаж өсөлт 1970-2000 онд 10 хувь байсан ч сүүлийн жилүүдэд зургаан хувь хүртэл удааширсан юм. Үүнээс болж ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн гэж Жэк Ма үздэг байна.

Жэк Магаас гадна JD.com компаний захирал Ричард Лю ч 996 системийг дэмждэг гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр компаниа 1998 онд үүсгэн байгуулах үедээ хоёр цаг тутамд сэрүүлэг тавьж харилцагчддаа 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг байжээ. Тэрээр сүүлийн 4, 5 жил орон тооны цомхотгол хийгээгүй учир ажилдаа идэвхгүй ханддаг ажилчдаа цомхотгох хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн байна.

Хятадын томоохон технологийн компаниуд өдөрт 12 цагаар ажилладаг юм. Гэхдээ энэ нь зөвхөн Хятадад байдаг үзэгдэл биш бөгөөд Тесла компаний захирал Элон Маск ч машин үйлдвэрлэлд нь саатал учирсан тохиолдолд долоо хоногт 120 цаг ажилладаг байна.

Эх сурвалж: CNN, BBC