Өнгөрсөн зургадугаар сараас хойш үргэлжилж буй Засгийн газрын эсрэг жагсаалаас болж Хонг Конгийн эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, эдийн засгийн гол салбаруудын нэг аялал жуулчлал өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 40 хувиар буурсан юм. 

Хонг Конг нь дэлхийн аялал жуулчлалын гол бүс бөгөөд жилд 65 сая жуулчин хүлээж авдаг. Гэвч жагсаал эхэлснээс хойш Хятадууд Хонг Конг руу аялахаас зайлсхийж улмаар жуулчдын тоо 74 хувиар буурсан байна. Мөн аялал жуулчлал нь Хонг Конгийн дөрвөн том салбарын нэг бөгөөд 2017 оны эдийн засгийн 4.5 хувийг бүрдүүлжээ. 

Үүнээс гадна тус салбарт 270 мянган хүн ажилладаг ба тэдний 99 хувьд нь жагсаал сөрөг нөлөө үзүүлсэн байна. Өнгөрсөн наймдугаар сард аялал жуулчлалын салбарын 1000 гаруй ажилтны дунд явуулсан судалгаанаас үзэхэд тэдний 10 хувь нь 6-7 сард ажил хийгээгүй, 12 хувь нь огт орлого олоогүй гэнэ. Улмаар 82 хувь нь хүнсний хэрэглээгээ багасгах шаардлагатай болсон ба 79 хувь нь орлого багассаны улмаас стресст орсон байна. 

Энэ нь 2003 онд халдварт өвчний болж үүссэн хямралаас илүү их хохирол дагуулж байгаа юм. Тус онд Хонг Конгт САРС-ын халдвар гарч 299 хүн амиа алдсан ба 1-5 сарын хооронд жуулчдын тоо 17.5 хувиар буурчээ. 

Хонг Конгийн жагсагчид наймдугаар сард олон улсын нисэх буудалд үймээн самуун гаргаснаар буудлыг дөрвөн өдөр хаасан юм. Ийнхүү нислэгийн удирдах газар бүх нислэгийг цуцласан байна. Мөн олон улсын Засгийн газрууд Хонг Конг руу зорчихгүй байхыг иргэддээ анхааруулсан юм. 

Нислэгийн тоо буурахын хэрээр нислэгийн компаниуд орлогын эх үүсвэргүй болж ихэнх нь дамжин өнгөрөх тасалбараар орлогоо бүрдүүлж байна. Мөн зарим нь дампуурах эрсдэлд оржээ. Тухайлбал, тус хотын гурав дахь том нислэгийн компани болох Хонг Конгийн нисэх компани ажилчдынхаа 50 хувийнх нь 11-р сарын цалинг өгөх чадваргүй болсон байна. 

Үүнээс болж тус компаний ажилтнууд олон сараар цалингүй амарч, зарим нь орон тооны цомхотголд орсон ба Засгийн газрын зүгээс санхүүгийн асуудлаа шийдвэрлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоохыг анхааруулсан юм. 

Нислэгийн компаниас гадна үзвэр үйлчилгээний газрууд ч хүнгүй шахуу болсон байна. Жишээлбэл, алдарт Диснейлэнд тоглоомын төвд өмнө нь нэг тоглоомон дээр суухын тулд 30 минут хүлээдэг байсан бол одоо 5-6 минут л хүлээдэг болсон талаар иргэд ярьжээ. Үүнээс үзэхэд тус төвөөр үйлчлүүлэгчдийн тоо 60 хувиар буурсан гэсэн үг. 

Мөн ресторанууд жагсаалаас сэргийлж оройн 10:00 цагаас өмнө хааж зочид буудлууд хөнгөлөлттэй үнээр жуулчдад үйлчилдэг болсон нь мэдээж орлогод нь сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ жуулчид багассан нь Хонг Конгийн зарим иргэдэд таатай санагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: SCMP, USA Today