Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Японы гадаад хэргийн сайд Таро Коно энэ сарын 15-17-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр боллоо. Айлчлалын хүрээнд Таро Коно ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлгийн нээлтэд оролцохоор төлөвлөжээ.

Энэхүү айлчлал нь Японоос гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй есөн жилийн дараах айлчлал юм. Өмнө нь Японы гадаад хэргийн сайд Сосуке Уно 1989 онд, Ёрико Кавагүчи 2004 онд, Кацүяа Окада 2010 Монголд айлчилж байжээ.

Манай улс Японтой 1972 онд дипломат харилцаа тогтоосон ба өнөөг хүртэл Японоос 262 сая долларын хөрөнгө оруулалт авчээ. Хөрөнгө оруулалтын тал хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, үлдсэн нь банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт ногдож байна.