АТГ цаг үеийн асуудал болоод олны анхааралд байгаа томхон хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Эрдэнэтийн 51 хувийг Өмнөд Африкийн стандарт банканд барьцаалсан хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй байсаар тав гаруй жилийн нүүр үзэж байна.

Энэ хэргийн гол буруутан гэгддэг ЖАСТ-ын Ш.Батхүүг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт хийсэн санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. Одоогоор прокурорын ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг ойрын үед бүрэн дуусгаж шүүх рүү шилжүүлнэ гэж мэдэгдлээ.

Харин нөгөө талаараа энэ хэрэг шийдэгдэхгүй удах тусам Стандарт банканд төлөх ёстой мөнгөний хүү өдөр өдрөөр өсөж байгаа бөгөөд энэ талаар Засгийн газраас яриа тохиролцоо хийхээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм.

Түүнчлэн АТГ-аас ЖДҮХС-тай холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба одоогоор УИХ-ын гишүүн Б.Батзоригоос өөр сайд, гишүүдийг дуудаж байцаагаагүй гэнэ. Гэхдээ зээл авсан бүх ААН-ийг нарийвчлан шалгаж байгаа ба зээл авахад төрийн албан тушаалтан нөлөөлсөн эсэх, зээлийн захиран зарцуулалт зэргийг нэг бүрчлэн шалгаж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нийслэлийн прокурорын газраас ЖДҮХС-тай холбоотойгоор мөнгө угаасан нь тогтоогдсон гурван гишүүнийг эргүүлэн татах бичиг үйлдчихсэн байгаа. Удахгүй чуулганаар оруулах байх” гэж мэдэгдсэн юм.